Монголын Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг болон Япон улсын Чиба Худалдааны Их Сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлсэн “Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын тогтолцооны судалгаа” амжилттай дууслаа.
Уг судалгааг Монголын талаас “Просолюшнс ТИН” ХХК-ийн гүйцэтгэх захирал, татварын мэргэшсэн зөвлөх Ц.Ариунсайхан, Японы талаас Чиба Худалдааны Их Сургуулийн профессор Кимие Танигава нар хамтран гүйцэтгэсэн юм.
Судалгааны үр дүнгээр Монгол Улсын НӨАТ-ын буцаан олголтын тогтолцоо амжилттай хэрэгжиж байгааг нотолж, цаашид Япон улсад ч ижил тогтолцоог нэвтрүүлэх боломжтой эсэхийг судлан үзэх үүднээс хэрэгжүүлсэн нь онцлог байлаа.
Судалгааны явцад Монгол Улсын татварын тогтолцооны өнөөгийн байдал, цахим шилжилтийн түвшин тодорхой харагдсан бөгөөд хамтран судалгаа хийсэн профессор Танигава “Монголын дижитал шилжилтийн түвшин Японоос түрүүлж байгаад” гайхаж, цаашид илүү гүнзгий судалгаа хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
Тус судалгааны үр дүнд тулгуурлан “Их өгөгдөлд суурилсан татварын үнэлгээний аргачлал” чиглэлд цаашид судалгаагаа үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байна.





