2025 оны 6 дугаар сарын 27-ны өдөр “Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний цахим шилжилт” сэдвийн хүрээнд “Татварын мэргэшсэн зөвлөхүүдийн чуулган 2025” амжилттай зохион байгуулагдлаа.
Энэхүү чуулган нь татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний хөгжлийн чиг хандлага, технологийн шинэчлэл, олон улсын туршлагыг хэлэлцсэн томоохон арга хэмжээ байв. Чуулган нь дараах дөрвөн үндсэн сэдвийг хамарсан:
- Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний цахим хэрэгцээний үндэслэл
- Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний олон улсын туршлага
- Монгол Улсын татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний автоматжуулалтын өнөөгийн байдал
- Монгол Улсын татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний ирээдүйн чиг хандлага
Мөн ТЕГ, Санхүүгийн мэдээллийн технологийн төв, Япон, Солонгос, Европын холбооны төлөөлөл, татварын мэргэшсэн зөвлөхүүд, технологийн компаниуд болон татварын бүртгэл, тооцооллын програм хөгжүүлэгчид илтгэл тавьж, татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээг тойрсон технологийн боломж, шийдэл, хөгжүүлэлт, олон улсын туршлага, ирээдүйн чиг хандлага зэрэг цогц мэдээллийг нэг дор танилцууллаа.
Чуулганы үеэр оролцогчид шинэ технологийн шийдэл, олон улсын туршлага, хөгжлийн боломжуудын талаар салбарын төлөөллүүдтэй нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж, салбарын ирээдүйд чиглэсэн чухал санаачилга, хамтын ажиллагааны боломжуудыг хэлэлцсэн юм.





